Кобийгийн фенүүд байвал заавал унш!!!
2011-12-31,20:34
"ХАР МАМБА" ХОЧИТ КОБЕ БРАЙНТ
Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны /НБА /мэргэжлийн сагсан бөмбөгчин Кобе Бин Брайнт 1978 оны наймдугаар сарын 23-нд төржээ.
Тэрбээр одоо “Лос Анжелес Лэйкерс” багт хүчин зүтгэж байгаа юм. Кобегийн хувьд Ловер Мерион ахлах сургуулийн сагсан бөмбөгийн багаас амжилтын гараагаа эхэлж, Америкийн ахлах сургуулиудын багийн шилдэг тоглогчийн нэг болж, улмаар сургуулиа төгссөний дараа 1996 онд НБА-д драфтын /сонгон шалгаруулалт/ 13 дугаарт бичигдэн “Шарлотте Хорнетс” багт очин үүний дараа Лэйкерс багт түүнийг зарсан байна. Шинэ тоглогчийн хувьд Кобег НБА-гийн мэргэжилтнүүд ихээр сонирхож байсан бөгөөд тэрбээр 1997 оны “Бүх оддын” тоглолтын цагираг дээрээс довтлох тэмцээнд түрүүлэн олны анхаарлыг татжээ.
Кобе Брайнт ангийн анд Шакилле Онилийн хамт Лэйкерс багт тоглон 2000-2002 онд НБА-гийн аваргыг гурван удаа дараалан хүртсэн байна. 2003-2004 оны улиралд Онил багаасаа явсны дараа Кобе багийн гол үүргийг нуруундаа үүрэх болов. Тэрбээр 2005-2006, 2006-2007 оны улиралд НБА-гийн хамгийн их оноо авсан тоглогч зэрэг хэд хэдэн амжилт тогтоожээ. 2006 онд Кобе “Торонто Рэпторс” багтай хийсэн тоглолтод 81 оноо авсан нь түүний хувьд хамгийн их оноо болон НБА-гийн түүхэн дэх нэг тоглолтоос хамгийн их оноо авсан амжилтын хоёрдугаарт бичигджээ. Энэ жагсаалтыг НБА-гийн шилдэг тоглогч Уилт Чэмберлаин 100 оноогоор тэргүүлдэг юм. 2007-2008 онд Кобе Брайнт улирлын хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарчээ. Харин 2008 оны НБА-гийн аваргын төлөө тоглолтод Лэйкерс баг ялагдсан ч 2009, 2010 онд тус баг дараалан аварга болжээ. Түүнчлэн Кобе Брайнт аваргын төлөө тоглолтын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг мөн хоёр удаа дараалан хүртсэн байна.
Кобе 2010 онд Лэйкерс багийн бүх цаг үеийн хамгийн их оноо авсан тоглогч болжээ. Тэрбээр НБА-д орсон хоёр дахь жилээсээ хойш Бүх оддын тоглолтод болгонд оролцон 2002, 2007, 2009 оны Бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчийн шагнал хүртжээ. Үүнээс гадна НБА-гийн бүх цаг үеийн шилдэг тоглогчдын багт 20 удаа, шилдэг хамгаалан тоглогчийн багт 10 удаа багтаж байснаас гадна хамгийн залуу шилдэг хамгаалан тоглогч болж байв.
Кобе Брайнт 2008 онд Бээжингийн олимпийн наадамд АНУ-ын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ багт багтан алтан медаль хүртжээ.
Бага нас
Кобе Брайнт АНУ-ын Пенсильвани муж улсын Филадельфи хотод төрсөн байна. Тэрбээр гурван хүүхэдтэй айлын отгон хүүхэд бөгөөд айлын ганц хүү аж. Түүний эцэг Жое Желлибин Брайнт НБА-гийн “Филадельфи 76” багт тоглодог байснаас гадна хожим нь “Лос Анжелес Спаркс” багийн дасгалжуулагчаар ажиллаж байжээ. Эцэг, эх нь түүнийг үхрийн махаараа алдартай Японы Кобе хотын нэрээр нэрлэсэн байна. Брайнтыг зургаан настай байхад аав нь НБА-гаас гарч, мэргэжлийн тоглогч болохоор Итали руу гэр бүлийн хамт нүүжээ. Ингэснээр тэрбээр шинэ амьдралдаа дасан зохицохын тулд итали, испани хэл сурчээ. Брайнт зуны амралтаараа Америктаа эргэн ирдэг байжээ. Түүний хувьд эцгээ даган гурван настайгаасаа эхлэн сагсан бөмбөг тогложээ. Түүний хамгийн дуртай баг нь “Лос Анжелес Лэйкерс” баг байв. Түүнчлэн түүний өвөө нь Италид байхад нь НБА-гийн тоглолтуудын бичлэг явуулдаг байжээ. Брайнтын хувьд мөн хөл бөмбөгийг ихээр сонирхон “АС Милан” клубыг дэмждэг байв. Хэрэв би Италид үлдсэн бол магадгүй хөл бөмбөгийн мэргэжлийн тоглогч болох байсан болов уу гэж тэрбээр хожим нь ярьж байжээ. Тэрбээр мөн “Барселона” клубын хуучин дасгалжуулагч Франк Рижкаардын гол хөгжөөн дэмжигч байснаас гадна тоглогчийн хувьд Рональдиньюг дэмждэг аж.
Кобе Брайнтын эцэг 1991 онд тоглогчийн хувиар тэтгэвэртээ гарснаар гэр бүлийн хамт АНУ-д эргэн ирсэн байна. Нутагтаа ирсний дараа Брайнт Ловер Мерионы ахлах сургуулийн багт тоглож байснаас гадна өсвөрийн шигшээ багт тоглох болжээ. Тэрбээр өсвөрийн багт одоогийн багийн анд Ламар Одомын хамт тоглож байв. Өсвөр үеийнхэн дундаа шилдэгт тооцогдох болсон Брайнт 17 насандаа НБА-д хүч үзэх шийдвэр гаргасан байна.
Мэргэжлийн тоглогчийн эхлэл
Тэрбээр ахлах сургуулиас НБА-д орсон анхны хамгаалан тоглогчийн нэг болж, драфтын 13 дугаарт бичигдэн 1996 оноос “Шарлотте Хорнетс” багт хүчин зүтгэх болов. Гэвч түүнийг тус баг Лэйкерс багт худалдсан байна. Харин түүний оронд Лэйкерс баг төвийн тоглогч Владе Дивачийг Хорнетс багт өгчээ.
Брайнт НБА-д тоглосноос хойш хоёр жил буюу 1999 оноос жил бүрийн Бүх оддын тоглолтод оролцсоор иржээ. Спортын мэргэжилтнүүд түүнийг алдарт Майкл Жордантай харьцуулан ярьдаг байсан ч Брайнт үүнд тийм ч дуртай байсангүй.
2007 онд спортын “И Эс Пи Эн” сувгийн явуулсан санал асуулга явуулан түүнийг НБА-гийн түүхэнд Жорданы дараа орох хамгийн шилдэг хамгаалан тоглогчоор шалгаруулсан байна. Тэрбээр нэг тоглолтод дунджаар 25,3 оноо авдаг аж.
Брайнт АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багт 2006 оноос эхлэн тоглох болжээ. Түүний хүчин зүтгэсэн шигшээ баг 2007 оны Америкийн аварга шалгаруулах тэмцээний алт, 2008 оны Бээжингийн олимпийн алтан медаль тус тус хүртсэн байна. Америкийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн алтан медаль нь 2000 оноос хойших тус багийн анхны алтан медаль юм. Харин Брайнт олимпийн найман тоглолтод дунджаар 15 оноо авч байв.
Хувийн амьдрал
1999 оны 11 дүгээр сард 21 настай Брайнт 17 настай бүжигчин Ванесса Лаинетай танилцан тэд 2000 оны тавдугаар сард сүй тавьж, 2001 оны дөрөвдүгээр сарын 18-нд Калифорнид хуримаа хийжээ. Түүний энэ хуримыг эцэг, эх нь эсэргүүцдэг байв. Учир нь Брайнт хэтэрхий залуудаа гэрлэж байна, найз эмэгтэй нь африк-америк гаралтай биш гэж үздэг байлаа. Гэвч Брайнт энэ бүхэнтэй тэмцсээр том охин нь төржээ. Түүний охин Наталя Диаманте 2003 оны нэгдүгээр сарын 19-нд төрсөн байна. Харин хоёр дахь охин Жианна Мария Оноре нь 2006 оны тавдугаар сарын 1-нд төржээ. Брайнтын багийн анд Онилийн охин Меара Санааг төрснөөс зургаан минутын дараа Жианна охин нь төрж багийн андууд хамтдаа баяраа тэмдэглэсэн байна.