Анхны болзоонд өгөх 10 чухал зөвлөгөө (Эрчүүдэд)
2011-12-31,20:43
Анхны болзоонд өгөх 10 чухал зөвлөгөө (Эрчүүдэд)
Сайхан сэтгэгдэл төрүүлэхэд хоёр дахь боломж байдаггүй гэж нэг үг байдаг. Мэдээж танд олдож буй эхний боломж бол анхны болзоо. Хүн хүний онцлог байдлаас үүдэн зарим болзооны зөвлөгөөнүүд хэрэгжихгүй байж болдог хэдий ч энд бол тэс өөр, аль нэгийг нь тоолгүй өнгөрөөвөл бүтэлгүйтэх магадлал тун өндөр 10 зөвлөгөөг орууллаа. За тэгээд амжилт хүсье эрчүүдээ.
1. Даа
Бүх юманд чи даах ёстой. Тооцоогоо хувааж хийнэ гэсэн асуудал байхгүй шүү. Хэрвээ бүсгүй чинь тооцооноос хийлцэхийг хүсвэл битгий зөвшөөр. Яахав бүр зүтгээд байвал хийлгэж болно л доо, гэхдээ ингэх эмэгтэйчүүд ховор л болов уу. Хэдийгээр тогтсон дүрэм биш ч гэлээ энэ маш чухал, эмэгтэйчүүд наанаа хэлэхгүй ч цаанаа юм бодож амжсан л байдаг.
2. Уулзах газар
Анхны болзоонд кино үзэх тэр бүр тохиромжгүй гэдэг. Дэлгэц ширтээд чимээгүй суугаад байвал хэрхэн нэг нэгнийгээ мэдэх билээ. Түүний оронд оройн хоол ч юм уу, тухтай, аятайхан газар орох хэрэгтэй. Хэрвээ мөнгө төгрөгөндөө асуудалтай байвал сайхан цэцэрлэгт хүрээлэн, эсвэл гэртээ урьж болно.
3. Соёлч боловсон зан
Мэдээж төгс жентлемен байх шаардлагагүй. Гэхдээ наад захын соёлуудыг мэддэг байвал зүгээр. Хаалга түрүүлж онгойлгож өгөх, зөөгчтэй эелдэг харьцах, ядаж хараалын үг хэлэхгүй байх хэрэгтэй. Мөн хоцорч болохгүй.
4. Хүндлэл
Та хоёр бие биенээ төдийлөн сайн мэдэхгүй бол анхны болзоон дээрээ элдэв зүйл хийгээд дэмий. Мэдээж нэг нэгнийгээ таньж мэдэхэд өөрөөрөө байх нь чухал боловч эмэгтэйгээ хүндэлж байгаа гэдэг утгаараа юу хүссэнээ хийгээд байж болохгүй. Архи уух, тамхи татах, эмэгтэй хүн дургүйцэж мэдэхээр зүйлсийг түр хойш нь тавь.
5. Өөртөө итгэ
Өөртөө итгэлтэй, бүх зүйлийг гартаа ав. Энэ мэдээж гарнаас нь хөтлөөд ийш тийшээ татаж чирээд явахын нэр биш, өөрийн санал, төлөвлөгөөг итгэлтэйгээр хэрэгжүүл. Эмэгтэй хүн угаасаа анхны болзоон дээрээ зоримог санаачлага гаргаад байх нь төдийлөн их биш, гэхдээ чиний гаргасан санаачлага түүнд таалагдах ёстой.
6. Гадаад байдал
Өөртөө болон тухайн орчин нөхцөлдөө тохирсон хувцас өмс. Мэдээж цэвэрхэн, сайхан байх ёстой. Эмэгтэйдээ хаана уулзахаа урьдчилж хэлсэн бол тэр ч гэсэн аятайхан хувцаслах нь дамжиггүй. Шүршүүрт ор, сахлаа хус, үнэртэй ус байвал багахаан түрхэхэд гэмгүй.
7. Яриа
Бүх л оройжингоо өөрийнхөө тухай ярьж тэнэгтвээ Юмыг яаж мэдэхэв, очоод таг гацчихгүйн тулд сонирхолтой байхаар хэдэн асуулт урьдаас бэлдсэн байвал зүгээр. Эелдэг, найрсаг үг ярих нь чухал, гэхдээ хэтрүүлж болохгүй. Төдийлөн сонирхолтой биш л бол ажил мэргэжил, хичээл сургуулийнхаа тухай хэдэн минутаас илүү яриад хэрэггүй. Хуучин найз охин ч юм уу, өмнө байсан өөр бусад харилцааныхаа тухай бас яриад дэмий.
8. Хугацаа
Мэдээж та хоёроос өөрсдөөс чинь хамаарах боловч анхны болзоо нэг их удаан байх шаардлагагүй. Болзох газар чинь очиход их хугацаа аваад байх ёсгүй. Хэт оройтож болохгүй.
9. Бэлэг
Анхны болзоон дээрээ жижигхэн бэлэг өгнө гэдэг сайхан санаа. Үнэтэй цайтай юм байж болохгүй, ганц улаан сарнай байхад ч хангалттай. Эсвэл эмэгтэй хүний сэтгэл татахаар өхөөрдөм, онцгой, шинэлэг бэлэг сонговол зүгээр. Ихэнх эмэгтэйд энэ нь сайхан сэтгэгдэл төрүүлдэг.
10. Эцэст нь..
Хэрвээ анхны болзоондоо сэтгэл хангалуун байсан бол, дахиж түүнтэй уулзмаар байгаа бол түүнд шууд хэлэх хэрэгтэй. Дахиж удаан хүлээлгээд хэрэггүй, таалагдсан гэдгээ илэрхийл. Хэрвээ түүнд бас таалагдсан бол та хоёрт амжилт хүсье. Харин онцгүй байсан бол бүдүүлэг байх хэрэггүй, эвтэйхэн ойлгуулаарай.