Арсеналын түүх
2011-12-31,20:54
Хөлбөмбөгийн Арсенал клуб (Англиар Arsenal Football Club) нь Английн хөлбөмбөгийн клуб бөгөөд Лондон хотын хойд нутгаас гаралтай. Арсенал нь одоо Премьер лигт тоглодог бөгөөд Нэгдүгээр дивиз болон Премьер лигт нийт 13 удаа, АХХ-ны цомд 10 удаа түрүүлсэн Английн тэргүүн зэрэглэлийн клуб юм. Тус клуб Премьер лигт нэг ч хожигдолгүйгээр түрүүлж байсан клубийн нэг.
Арсенал клуб 1886 онд байгуулагдсан бөгөөд Хөлбөмбөгийн Лигт тоглосон өмнөд бүсийн анхны клуб бөгөөд 1930 оноос завсаргүй дөрвөн удаа тэргүүн лигт түрүүлэх үедээ хоёр удаа АХХ-ны цомын эзэн болж байв. 1970-71 оны улиралд лиг болон холбооны цом түрүүлснээрээ хорьдугаар зуун гараад лиг болон цомд давхар түрүүлсэн хоёр дахь клуб болсон ба 1998, 2002 онд онд мөн л дээрх амжилтаа давтсан билээ. 2006 оны Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд шалгарсан нь Лондоны клубээс анхны тохиолдол байв.
Үүсэл 1886-1920
1949-2002 он хүртэлх Арсеналын эмблэм
Арсенал клуб Лондон хотын зүүн урд хэсэг Вулижэд байрлах "Ройал Арсенал" их бууны үйлдвэрийн "Диал Сквер" хэмээх 1886 онд байгуулагдсан ажилчдын хөлбөмбөгийн багаас эхлэлтэй. 1886 оны арваннэгэн сарын сүүлээр үйлдвэрийн механикч Дэвид Данскин, ажилчин Жек Хюмбле, Ноттингем Форест клубийн тоглогч асан Фрэд Бирдсли болон Моррис Батес нар багийн нэрийг "Ройал Арсенал" болгон албан ёсоор байгуулсан түүхтэй. 1886 оны арванхоёрдугаар сарын 11-ний Истерн Уондерерс багийг 6:0 харьцаагаар хожсон нь тэдний анхны тоглолт байв. 1891 онд мэргэжлийн гараагаа эхлэсэн Ройал Арсенал багийн нэрийг "Вулиж Арсенал" болгон өөрчилж 1893 онд Английн хөлбөмбөгийн лигийн тэмцээнд өмнөд нутгийг төлөөлөн оролцсон ажээ. Арван нэгэн улирлын туршид лигийн хоёрдугаар дивизэд тоглосон клубийнхэн 1904 онд дээд лиг рүүгээ дэвшин гарч иржээ. Гэвч нутгийн дэвжээ хатуудсан тэд 1910 онд 2-р дивизон руу унаж, улмаар дампууралын эрмэгт ороод байсныг Генри Норрис болон Виллиамс Халл нар худалдан авав. 2-р дивизон руу унасан багаа Норрис 1913 онд Хойд Лондонгийн Хайвэрид байх "Арсенал цэнгэлдэх хүрээлэн" руу нүүлгэв. Дараа жил нь нэрнээсээ Вулижийг авснаар одоогийн нэрээ олжээ. 1919 онд 2-р дивизоны 5-рт байранд улиралыг дуусгасан ч Арсенал доод лиг рүү унах ёсгүй өрсөлдөгч Тоттенхэм Хотспур багийг даран дээд лигт орж чадснаар өнөөгийн 2 багийн өш хонзон эхэлсэн гэж үзэх хүмүүс бий.[1]
[засварлах]Херберт Чапманы эрин 1925-1940
1925 онд Чапманыг Арсенал баг ерөнхий менежерээрээ томилсон байна. Шинэ менежер бэлтгэл сургуулилалтад шинэлэг зүйлсийг оруулж, од тоглогчид болох Алекс Жэймс, Клифф Бастин нарыг багтаа элсүүлж чадснаар 1930-аад оны эхэн үеийн Английн хөлбөмбөгийг Арсенал ноёлох болов. Чапманы удирдлага доор 1929-30 онд Арсенал баг нь үүсэн байгуулагдснаасаа хойш анх удаа АХХ-ны цомыг гардаж, 1930-31 онд анхны лигийн аврага болжээ. Мөн цэнгэлдэх хүрээлэнгийн нь ойролцоох метроны буудлын нэр "Гиллеспи Роод" байсныг "Арсенал" болгосон нь Чапманы ажил байсан хэмээн үздэг. Лондоны метроны буудлууд хөлбөмбөгийн багийн нэрээр нэрлэгдсэн нь зөвхөн Арсенал юм. Оройн тоглолт хийхийн тулд анх гэрэлтүүлэг хэрэглэсэн ч, Английн хөлбөмбөгийн холбоо 1950-иад оныг хүртэл хүлээн зөвшөөрөөгүй юм. Лигийн тэмцээнд анх тоглогчдод номер зүүлгэсэн нь Чапман байлаа. Ганц Арсеналд бус Дэлхийн хөлбөмбөгийн ертөнцөд томоохон хувь нэмэр оруулсан Чапман 1934 онд уушигны сүрьегээр нас барж, түүний ажлыг Жой Шаав, Жорж Аллисон нар үргэлжлүүлсэн бөгөөд Арсеналыг 3 удаа лигийн аврага (1933-34, 1934-35, 1937-3, 2 удаа Хөлбөмбөгийн Холбооны аврага болгосон юм. Гэвч дэлхийн хоёрдугаар дайн эхлэснээр лиг завсарлажээ.
[засварлах]Дайны дараах давхар цом ба Фэйрс цом 1947-1980
Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Аллисоныг залгамжилсан Том Виттакерийн хамтаар 1947-48, 1952-53 онуудад лигийн цомыг 2 удаа өргөж, 1949-50 онд АХХ-ны цомд түрүүлсэн боловч, баг уруудах замдаа орж 1950-иад онд томоохон цом шагнал авсангүй. 2 удаа лигт аман хүзүүдэж, 1969-70 онд анх удаа Европын тавцанд Хот хоорондын Фэйрс цомд түрүүлэв. Мөн 1970-71 онд Лиг болон АХХ-ны цомд түрүүлэн давхар цом авчээ. Гэвч давхар цом авахад байсан тоглогчид өөр өөрийн замыг хөөн багаас явж, 1970-аад онд цомд хүрэхийн даваан дээрх улирлууд үргэлжилж байлаа. 1972-73 онд Лигт 2-р байр эзэлж, 3 удаа хөлбөмбөгийн холбооны цомд аман хүзүүдэж (1971-72, 1977-78, 1979-80), 1979-80 оны УЕФА-гийн цомтой багуудын цомын тэмцээнд 2-р байрт орж байсан бөгөөд авч чадсан ганц цом нь 1978-79 оны АХХ-ны цом юм. Манчестер Юнайтедтай хийсэн уг тоглолтод, сүүлийн мөчид гоол оруулснаар Арсеналчууд 3-2-оор хожсон байна. Энэ тоглолт нь Арсеналын түүхэн хожлуудын нэгт зүй ёсоор тооцогддог.
[засварлах]Жорж Грэмын эрин 1986-1995
1986 онд Арсеналын тоглогч асан Жорж Грэм ерөнхий менежер болж клубын 3 дахь Алтан үеийг авчирав. Томилогдоод эхний жил болох 1986-87 онд лигт түрүүлж, 1988-89 онд лигийн аваргын төлөө ширүүн тэмцэж байсан Ливерпүүлийг лигийн сүүлийн тоглолтод тэдний стадион болох Энфилдэд нь нэмэлт цагт хожин шуугиантайгаар аваргалав. Энэ тоглолт нь Арсеналын хамгийн алдартай тоглолтуудын нэг юм. 1990-91 онд ганц хожигдолтойгоор лигт аваргалж, 1993 онд АХХ-ны цом, Лигийн цомд даблдаж, 1994 онд УЕФА-гийн цомтой багуудын цомд тус тус түрүүлэв. Гэвч тоглогч авахдаа зуучлагч Рьюн Хаажаас хахууль авсан нь илэрч, 1995 онд багийн удирдлага халжээ. Дараагийн ерөнхий менежерээр Брюс Риох томилогдсон ч ганц улирал дуусгаад багаас явав.
[засварлах]Aрсен Венгерийн эрин 1996-өнөөг хүртэл
1990-ээд оны дундаас 2000 оны багийн өндөр амжилт нь 1996 онд ерөнхий менежерээр томилогдсон Арсен Венгертэй шууд холбоотой. Венгер шинэлэг тактик, бэлтгэлийн арга барил оруулахын зэрэгцээ Англи хүнд байхгүй зүйлийг гадаад тоглогчдоор нөхжээ. Хоолны дэглэм, архи уухыг хориглосон дүрэм гаргаж, гадаад тоглогчдыг хөгжүүлэх зэрэг нь Премьер лигт маш хүчтэй нөлөөлсөн байна. Мөн Венгерийн нөлөөнд автаагүй дасгалжуулагч ганц ч үлдээгүй гэж үздэг. Бярдсан хамгаалалт голлосон уламжлалт тоглолтоороо алдартай Арсеналыг 1980-аад онд "Famous 4" гэж хочлодог байв. 4 хамгаалагч болох Тони Адамс, Ли Диксон, Найжел Уинтербёрн, Мартин Киоун болон хаалагч Дэвид Симэн нараас бүрдсэн хана хэрэм мэт хамгаалалттай байснаас бусад багийн тоглогч, хөгжөөн дэмжигчид, сэтгүүлчид тэднийг "1-0-ийн Арсенал", "Уйтгартай, хамгаалахаас өөрийг хийдэггүй баг" хэмээн гоочлон дууддаг байлаа. Гэвч Венгер ирснээр энэ бүхэн эцэс болж, гадаад тоглогчдыг эрчимтэй хөгжүүлэн гайхамшигтай дамжуулалтыг зэвсгээ болгосноор хүчирхэг довтолгоотой баг болон хувиржээ. Венгер 1997-98 онд багийн түүхэнд 2 дахь болох лигийн аварга, АХХ-ны цомыг давхар авч, 2001-02 онд 3 дахь удаагаа давхар цом авсан байна. 1999-00 онд УЕФА-гийн цомд хоёр дугаар байрт орж, 2002-03, 2004-05 онуудад АХХ-ны цомд аваргалав. 2003-04 онд улирлын туршид ганц ч ялагдалгүй дуусгасан нь түүхэнд "The Invincibles" (Ялагдашгүй) хэмээн мөнхөрсөн юм. Үргэлжлүүлэн 49 тоглолт хожигдоогүй ба энэ амжилт нь өнөөг хүртэл эвдэгдээгүй байна. Мөн цомын тэмцээнийг оролцуулаад 2007 оны 4 сарын 9-нөөс 2007 оны 11 сарын 24-ний өдрийг хүртэл 28 тоглолт дараалан хожигдоогүй билээ. 2005-06 онд анх удаа УЕФА Аваргуудын Лигт аваргын төлөө тоглосон ч Барселонад хожигдсон юм. Венгерийн удирдлага доор 12 улирал өнгөрүүлэхдээ наймд нь Арсенал лигийн аварга, эсвэл хоёрдугаар байранд орж байлаа. 1993 онд Премьер лиг байгуулагдсанаас хойш аварга болсон 4 багийн (Манчестер Юнайтед, Блэкберн Роверс, Челси) нэг юм. Гэвч дараалан түрүүлсэн удаагүй. 2006 оны 6 сард 93 жил ашигласан Хайвэригээ орхин, шинэ Эмирейтс цэнгэлдэх хүрээлэн рүү нүүж, Аякс багтай хийсэн Деннис Бергкампын зодог тайлах тэмцээнээр нээлтээ хийжээ.