Андрес Иньестагийн намтар
2012-01-04,21:46
Иньеста Испанийн Альбасетед төрж өсчээ. “Альбасетегээс аль болох хурдан арил” гэсэн үг байдаг гэнэ. Үүний дагуу Иньеста 12 насандаа нутгаа орхин гарчээ.Түүнийг “Барселона”-гийн хүүхдийн сургуулийнхан урьсан болохоор л замд гарсан хэрэг. Иньестад нэг онцлог бий. Тэр талбай дээр эрэлхэг, зоримог хүн шиг харагдахыг хүсдэггүй. Энгийн амьдрал дээр ч баатар шиг байх гэдэггүй. Жинхэнэ байгаагаараа л байдаг эр.
Тэр анх Каталонд ирчихээд гэр бүлээ ихэд санан, уйлдаг байж. Нэгэн сэтгүүлч түүнээс ярицлага авахаар болоход “Барса”-гаас хэн нэг нь утасдаж “Иньестагаас гэр бүлийнх нь тухай битгий асуугаарай” гэж сануулж байжээ. Гэр бүлийнх нь тухай нэг л асуулт тавих юм бол тэрээр уйлж, ярилцлага нь нурах байсныг сануулсан нь тэр.
Иньестаг рекламын мангасууд нэг их анзаардаггүй. Тэр их дуугүй, ичимхий бүрэг, бас үс нь хамаагүй эрт халзарсан. Зузаан уруултай, 170 см хүрэхтэй үгүйтэй түүнийг хөлбөмбөгчдийн дундаас онцолж харна гэдэг үнэхээр амаргүй.
Нэг удаа Пуйоль тэр хоёр зочид буудлын нэг өрөөнд орж таарчээ. Эхлээд Иньеста хувцсаа тайлаад орондоо орчихож, дараа нь Пуйоль гэрлээ унтраагаад хэвтсэн байна. Гэтэл Иньестад юу ч хэрэгтэй болсон юм бүү мэд гэнэт босоод гэрлийн унтраалга руу алхахад Пуойль цочин давхийсэн гэдэг. Пуйоль энэ тухайгаа “Харанхуйд Иньеста цав цагаан харагдсан. Яг л Каспер шиг” хэмээн ярьснаар цонхийсон цагаан Иньеста Каспер хэмээх хоч хүртсэн юм.
Тэр багаасаа Пеп Гвардиолаг биширдэг байж. Хүүхдүүд долоо долоогоороо хуваагдан жижиг талбайд тоглоход Иньеста аргагүй бусдаас ялгардаг байлаа. Нэг удаа Пеп Чавид “Тэр хүүг сайн анзаараарай” гэж захижээ. Удалгүй Чави Гвардиолад “Тэр надаас ч илүү талбайг мэдэрдэг юм байна” гэж хэлсэн гэдэг.
Үүнээс нэг их удалгүй Иньеста “Барселона”-гийн томчуудын багт тоогдох болов. Тэр анхны өдрөө “Камп Ноу” дахь хувцас солих өрөөг ололгүй төөрсөн тул Луис Энрике олж авчирсан гэдэг. Иньеста нэг иймэрхүү эр хүн. Өөрийнхөөрөө байж, хийх зүйлээ гойд сайн хийдгээрээ л тэр зартай.
Хави түүний тухай “Иньеста үсээ буддаггүй, ээмэг зүүдэггүй, шивээс хийлгэдэггүй. Тийм болохоор рекламынхан анзаардаггүй байх. Үнэндээ бол хамгийн шилдэг нь тэр шүү дээ” гэж хэлсэн удаатай.
Иньеста аажим аажмаар хөлөө олж, өөрийн хэв маягаараа хөгжөөн дэмжигчдийн хайрыг булаасан. Тэр л “Челси”-гийн хаалганд сүүлчийн секундэд гоол оруулж, багаа Аваргуудын лигийн шувтаргын тоглолтод үлдээсэн. Бас тэр л Голландын хаалганд бөмбөг хийж бүх Испаничуудын хоёр зуун дамжсан мөрөөдлийг биелүүлсэн билээ.
Гэхдээ бүгд Иньестаг магтан сайшаадаг гэвэл худал. Хэдхэн хоногийн өмнө олон үгтэй Моуриньо “Иньеста яалаа гэж дэлхийн шилдэг болох юм бэ? Тэр улирлын эхэнд хэдэн сар бэртэлтэй байсан. Дараа нь дэлхийн аваргад ганц л гоол хийсэн шүү дээ” гэж хэлсэн юм. Дэлхийн аваргад ганцхан гоол оруулсан ч хамгийн чухал бөмбөг байсан нь гайхалтай. Гоолыг оруулсныхаа дараа Иньеста өмсгөлөө тайлахад дотуур өмссөн майк дээрээ “Эспаньол”-ийн ахлагч агсан Дани Харкегийн дурсгалыг мөнхөлсөн үгс байлаа. Дани Харке 2009 оны наймдугаар сард зүрх нь гэнэт зогсон, хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Дани Иньестагийн хамгийн дотно найз нь байж. Тиймээс найзыгаа Испанийн хөлбөмбөгийн түүхэнд мөнхлөхийг хүссэн хэрэг. Дэлхийн аваргын алтан гоолыг оруулсан хөлбөмбөгчний энгэрт нэрийг нь гэрэлтүүлж мөнхлөхөөс илүүгээр яаж мөнхлөх билээ дээ.
Иньестаг нэг удаа папараццичид эрээгүй дагажээ. Эхэндээ тэр “Өө, дагаж л байг” гээд тоохгүй байж. Харин дараа нь “Хмм, дагаж дагачихаад хүний өмссөн трусикийг шоолж бичдэг ямар ичгэвтэр бодолтой хүмүүс вэ?” гэж харууссан гэдэг.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх тоглолтын 115 дахь минутад оруулсан хожлын гоолынхоо тухай Иньеста нэгэн сэтгүүлчтэй ингэж ярьжээ.
- Бөмбөг голландчуудын талбай руу орж ирсэн. Цэнгэлдэхэд чимээгүй болсон байлаа. Фабрегас надад дамжуулалт өгсөн. Харин дараа нь Ньютон бүгдийг шийдсэн.
- Ньютон...?
- Би бөмбөгийг тогтоож авахдаа гоол оруулна гэдгээ бүрэн мэдэрсэн. Миний хийх ёстой зүйл бол бөмбөг унаж ирэхийг хүлээгээд өшиглөх л байлаа. Харин яагаад бөмбөг унаж ирнэ гээч? Тийм ээ, Ньютоны хуулийн дагуу. Гэхдээ энэ удаад алимны оронд бөмбөг, Ньютоны толгойны оронд миний хөл байсан хэрэг ... Иньеста хэлжээ.